Эх ургийн халдварын шинжилгээ- TORCH Эх ургийн вирусын халдвар (TORCH) гэдэг нь эхээс урагт дамжиж урагт аюултай халдвар үүсгэдэг вирусуудын нэрийн эхний үсгийн товчлол юм. Эх ургийн вирусын халдвар (TORCH) -аар өвчилсөн эсвэл тээгч эмэгтэй нь жирэмсэн болсон тохиолдолд уг халдвараа жирэмсэний явцад болон төрөх үед урагт дамжуулах аюултай юм. TORCH-халдвар нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа бөгөөд ургийн гажиг үүсэх, өсөлтгүй болох, зулбах зэрэг асуудлуудын нэг шалтгаан болсоор байна. Тиймээс жирэмсэн болохоос өмнө эсвэл жирэмсний эхний 2 сард TORCH халдваруудыг илрүүлэх шинжилгээ хийлгэх нь цаашид гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Жирэмсэн үедээ TORCH халдваруудын хэд хэдэн үүсгэгчээр зэрэг өвдсөн бол эмнэлзүйн шинж тэмдэг нь төрөх үед эсвэл төрсний дараа урагт илүү тод илэрдэг. T- Токсоплазма O- Other буюу бусад тэмбүү, гепатит B R- Рубелла C- Цитомегаловирус Н- Херпес вирус Ургийн гажгийн оношилгоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/ Ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд эхийн цусанд биохимийн маркер үзэх, хэт авиан шинжилгээг хавсарч хийдэг. Жирэмсний биохимийн шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох зорилготой. Энэхүү шинжилгээг жирэмсний I, II хагаст тодорхойлно. Хоёрол тест- Жирэмсний 9-13 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг тодорхойлно. Гурвал тест- Жирэмсний 16-21 долоо хоногт эхийн цусанд AFP, HCG uE3-ыг тодорхойлно. Дөрвөл тест- Нэмэлтээр Inhibin А уургийг тодорхойлно. Эдгээр 4 уургийн хэмжээний өөрчлөлтөөр Дауны хамшинжийг 80% илрүүлдэг бол гурвал шинжилгээгээр 70% илрүүлдэг. Шинжилгээг эхийн цуснаас сорьц авч шинжилдэг бөгөөд өлөн байх шаардлагагүй. Жирэмсний үед зайлшгүй өгөх шинжилгээнүүд Үүнд: Эхийн биеийн ерөнхий эрүүл мэнд Ургийн зүрхний цохилт Эхийн биеийн жин Бэлхүүсний тойрог, хэвлийн урт Эхийн даралт, зүрхний цохилт зэргийг тогтмол байнга шалгана. Түүнчлэн бие давхар эмэгтэй Та жирэмсний таван сартайд, төрөхийн өмнөх гэсэн хоёр удаагийн нэгдсэн үзлэг, шинжилгээнүүдийг заавал өгөх хэрэгтэй. Тухайлбал, Амны хөндий ЭХО үзлэг Сүрьеэгийн үзлэг/ цээжний рентгэн зураг авахуулах/ ДОХ-ын шинжилгээ Шээсний ерөнхий шинжилгээ Цусны ерөнхий шинжилгээ, өндөгний цусны шинжилгээ Дотор эрхтэний үзлэг Нүдний үзлэг Чих, хамар, хоолой Сахарын шинжилгээ гэх зэрэг үзлэг шинжилгээнүүдийг харьяа дүүргийн эмнэлэгтээ өгнө. Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.